Тооллого 22:1-20
Тооллого 22:1-20 АБ2013
Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав. Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав. Израильчууд тоо томшгүй олон байсан учраас уг ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Моаб Израилийн хөвгүүдээс ихэд айв. Моаб, Мидианы ахмадуудад —Хээр талын ногоог үхэр хивдэг шиг энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрны бүхнийг хивэх болно гэв. Тэр үед Зиппорын хүү Балак Моабын хаан нь байлаа. Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан —Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна. Тиймээс ирээч. Энэ ард түмэн миний хувьд хэт хүчирхэг тул миний төлөө эднийг хараагтун. Тэгвэл би тэднийг цохин дийлж, нутгаасаа хөөн гаргаж чадах байх. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв. Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа. Тэр тэдэнд —Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад айлдах үгээр би та нарт хариу хэлье гэлээ. Моабын түшмэд Балаамтай хамт үлдэв. Бурхан, Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа энэ хүмүүс хэн бэ? гэв. Бурханд Балаам хэлэхдээ —Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн “Харагтун, Египетээс ард олон гарч ирж, газрын хөрсийг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргаж чадах байх” гэж хэлүүлсэн гэв. Балаамд Бурхан —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ. Өглөө нь Балаам босож Балакийн түшмэдэд —Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцаж явцгаа гэв. Моабын түшмэд босож Балак уруу очоод, түүнд —Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзлаа гэж хэлэв. Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй түшмэдийг дахин илгээв. Тэд Балаам уруу ирээд түүнд —Зиппорын хүү Балак ийн хэлж байна. “Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог. Учир нь би таныг үлэмж ихээр хүндэтгэж, надад хэлсэн болгоныг тань хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв. Балаам, Балакийн зарц нарт хариулан —Балак надад алт мөнгөөр дүүрэн гэрээ өгсөн ч би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг зөрчин их, бага ямар ч зүйлийг хийж чадахгүй. Харин та нар өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь би мэдье гэлээ. Шөнө нь Бурхан, Балаам уруу ирж, түүнд —Хэрэв энэ хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн чамд Миний хэлснийг л чи хийх ёстой гэв.