Тооллого 13:25-33
Тооллого 13:25-33 АБ2013
Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцжээ. Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ. Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг, хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. Бид тэнд Анакийн үр удмыг үзэв. Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд нь уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ. Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад —Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм. Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.