Тооллого 1:34-54

Тооллого 1:34-54 АБ2013

Мөн Манассегийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. Манассе овгоос тоолуулсан эрс гучин хоёр мянга хоёр зуу байлаа. Бениамины хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. Бениамин овгоос тоолуулсан эрс гучин таван мянга дөрвөн зуу байлаа. Даны хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. Дан овгоос тоолуулсан эрс жаран хоёр мянга долоон зуу байлаа. Ашерын хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. Ашер овгоос тоолуулсан эрс дөчин нэгэн мянга таван зуу байлаа. Нафталийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. Нафтали овгоос тоолуулсан эрс тавин гурван мянга дөрвөн зуу байлаа. Эдгээр нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид, тусбүрдээ эцгийнхээ бүлийг төлөөлсөн арван хоёр хүнээр тоолуулсан хүмүүс ажээ. Ийнхүү Израилийн хөвгүүдээс эцгүүдийнхээ бүлээр тоолуулсан бүхэн нь дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насныхан буюу тоолуулсан эр хүн бүгд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа. Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгийн дагуу тоолуулсангүй. Учир нь ЭЗЭН, Мосед — Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний нийлбэр тоог бүү ав. Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүн дотор үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг. Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. Израилийн хөвгүүд, хүн бүр хуарангийнхаа дэргэд, тугийнхаа доор дайчдын бүлэглэлээрээ буудаллах ёстой. Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийнхүү хийв.