Нехемиа 4:15-23
Нехемиа 4:15-23 АБ2013
Тэдний төлөвлөгөө бидэнд ил болж, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань мэдсэн үеэс бид бүгд хэрэм уруу, хүн бүр ажилдаа буцав. Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, ахлагч нар нь Иудагийн бүх гэрийн ард дэмжиж байв. Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж ажилаа хийж байв. Барилгачдын хувьд, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явсан ба бүрээчин миний хажууд зогсож байв. Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст —Ажил үлэмж их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биенээсээ алслагдсан байна. Та нар хаа нэгтээ бүрээн дуу сонсвол ийшээ бидэн уруу цугларцгаа. Бурхан маань бидний төлөө тулалдана гэв. Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, нөгөө нь үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллаж байв. Тэр үед би бас хүмүүст —Хүн бүр зарцтайгаа Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидэнд шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв. Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, зарц нар минь ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ ташаанаасаа салгасангүй.