Нехемиа 4:10-23

Нехемиа 4:10-23 АБ2013

Харин иудачууд —Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна. Нуранги ч их байна. Бид хэрмээ сэргээн барьж дийлэхгүй нь гэж ярьцгаав. Дайснууд маань —Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэцгээв. Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд хүртэл ирцгээж —Та нарын эсрэг зүг бүрээс тэд довтолно гэж бидэнд арвантаа хэлэхэд би хүмүүсийг хэрмийн ар талын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, ураг ургаар нь сэлэм, жад, нумтай зогсоов. Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв. Тэдний төлөвлөгөө бидэнд ил болж, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань мэдсэн үеэс бид бүгд хэрэм уруу, хүн бүр ажилдаа буцав. Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, ахлагч нар нь Иудагийн бүх гэрийн ард дэмжиж байв. Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж ажилаа хийж байв. Барилгачдын хувьд, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явсан ба бүрээчин миний хажууд зогсож байв. Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст —Ажил үлэмж их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биенээсээ алслагдсан байна. Та нар хаа нэгтээ бүрээн дуу сонсвол ийшээ бидэн уруу цугларцгаа. Бурхан маань бидний төлөө тулалдана гэв. Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, нөгөө нь үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллаж байв. Тэр үед би бас хүмүүст —Хүн бүр зарцтайгаа Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидэнд шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв. Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, зарц нар минь ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ ташаанаасаа салгасангүй.