Марк 9:38-50

Марк 9:38-50 АБ2013

Иохан Түүнд —Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд Есүс —Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд, төдхөн Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяга ус өгнө, тэр нь шагналаа эс алдана. Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. [Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.] Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал унтрахгүй. Учир нь хүн бүр галаар давслагдана. Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.