Марк 9:14-29
Марк 9:14-29 АБ2013
Тэд шавь нар уруу ирээд, тэднийг тойрсон үй олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ. Есүс тэднээс —Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад хурсан олноос нэг нь Түүнд —Багш аа, би хэлгүйн сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахран, шүдээ хавирч, хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ. Тэд хүүг Түүнд авчрав. Есүсийг хармагц, мөнөөх сүнс тэр дор нь хүүг татвалзуулж, газар унагахад тэр хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс, эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. Есүс түүнд —“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг —Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов. Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр —Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.