Марк 7:14-37

Марк 7:14-37 АБ2013

Есүс хурсан олныг дахин дуудаад тэдэнд —Бүгд Намайг сонс бас ухаар. Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. [Сонсох чихтэй нь сонсогтун] гэж хэлэв. Есүс ард олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув. Тэр тэдэнд —Та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох алив зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин гэдсэнд ороод жамаараа гадагш арилна гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр ийн илэрхийлжээ.) Тэрээр —Хүнээс гарах зүйлс л хүнийг бузарладаг. Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад байдал мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. Энэ бүх муу муухай зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа. Тэр тэндээс босож, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй даруй Түүний тухай сонсоод, ирж Есүсийн хөлд унав. Тэр эмэгтэй сирофоеник гаралтай грек байсан бөгөөд охиноосоо чөтгөрийг нь зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. Есүс түүнд —Эхлээд хүүхдүүдээ цатга. Учир нь хүүхдүүдийн талхыг авч нохдод хаях нь сайн биш гэхэд тэр эмэгтэй Түүнд —Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход ч хүүхдүүдийн үйрүүлснийг иддэг шүү дээ гэж хариулав. Есүс түүнд —Үгийнхээ дагуу яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. Гэртээ очоод, хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг нь тэр үзэв. Есүс дахин Тирийн дүүргээс явж, Сидоныг дайран Декаполь дүүргийн Галил нуур уруу очив. Тэд дүлий, хэл ярианы согогтой хүнийг Түүнд авчраад дээр нь гараа тавихыг Есүсээс гуйжээ. Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд өнөөх хүний сонсгол нь нээгдээд, хэлний нь согог арилж, зөв ярих болов. Хэнд ч хэлж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлаж байлаа. Тэд —Түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэр дүлийг ч сонсголтой болгож, хэлгүйг ч ярьдаг болголоо хэмээн ярилцаж, үнэнхүү гайхаж байв.

Марк 7:14-37 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна