Марк 6:1-20
Марк 6:1-20 АБ2013
Есүс тэндээс явж, нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдаж байлаа. Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж —Хаанаас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ? Энэ чинь Мариагийн хүү, мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт байгаа биз дээ? гэж Түүнд бүдрэн унтууцав. Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэнд Тэр хэдэн өвчтөн дээр мутраа тавьж эдгээснээс өөр хүчит гайхамшгийг үйлдэж эс чадав. Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал заав. Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. Есүс тэдэнд тушаан —Аян замдаа таягнаас өөр юу ч, талх ч, хүүдий ч, хэтэвчиндээ зоос ч бүү ав. Харин шаахайгаа өмс, —Цамц давхарлаж бүү өмс гээд Есүс тэдэнд —Та нар ямар айлд орно, тэр газраас явтлаа тэндээ бай. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. Тэд явж, гэмших ёстойг тунхаглав. Тэд олон чөтгөрийг зайлуулж, олон өвчтөнг тосоор тослон эдгээжээ. Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс —Баптисч Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. Харин зарим нь —Тэр бол Елиа зарим нь —Тэр бол эш үзүүлэгчдийн нэгэн адил эш үзүүлэгч гэж байлаа. Харин Херод үүнийг дуулаад —Миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжээ гэв. Херод өөрийн дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул үүнээс болж хүн илгээн Иоханыг бариулан шоронд хориулжээ. Учир нь Иохан, Херодод —Та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа.