Марк 2:1-22

Марк 2:1-22 АБ2013

Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ. Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ. Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн — Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтөнд — Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж —Ийм юм бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршуулав. Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа. Есүс татварын газар суух Алфайн хүү Левиг дэргэдүүр нь өнгөрөхдөө хараад, түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. Тэдний гэрт Есүсийг тухлан суухуйд татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Учир нь Түүнийг дагагсад олон байсан аж. Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад, шавь нарт нь —Тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэв. Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ. Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж, Түүнээс —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьдаг, харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй. Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж, бүр ихээр урна. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг зад татна. Тэгээд дарс ч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ.