Марк 13:1-8

Марк 13:1-8 АБ2013

Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг —Багш аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд Есүс түүнд —Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж — Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв. Есүс тэдэнд —Хэн нэгэн нь та нарыг төөрүүлэх вий, болгоомжил. “Тэр чинь би байгаа юм” хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ. Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.