Марк 12:28-37

Марк 12:28-37 АБ2013

Хуулийн багш нарын нэг ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс —Ямар тушаал бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа. Есүс —Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн нь юм. “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ. Хуулийн багш Түүнд —Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр байхгүй гэж Та үнэнээр айлдлаа. Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал юм гэв. Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд —Чи Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэн ч дахиж Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй. Есүс сүмд зааж байхдаа —Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ? Давид өөрөө Ариун Сүнсээр “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэв” гэж хэлсэн. Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна