Марк 12:1-17

Марк 12:1-17 АБ2013

Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ. Тэр дахин өөр зарцыг тариаланчдад явуултал чулуугаар толгойг нь хага цохиж, доромжилжээ. Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд үлдсэн ганц нь хайртай хүү нь байв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд түүнийгээ явуулав. Харин тариаланчид бие биендээ “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно” гэцгээж, түүнийг барьж авч алаад, усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн юу хийх вэ? Тэр ирж тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. Та нар “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэж Бичвэрээс уншаагүй юү? гэлээ. Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа. Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав. Тэд ирээд, Түүнд —Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд —Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв. Тэд нэг денар авчирсанд Есүс —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав.