Марк 11:1-11

Марк 11:1-11 АБ2013

Тэд Иерусалимд, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетанд ойртон иржээ. Есүс шавь нараасаа хоёрыг илгээж тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно. Тайлаад энд авчир. “Яагаад ингэж байна?” гэж хэн нэгэн та нарт хэлбэл “Эзэнд энэ хэрэгтэй байна. Даруй үүнийг чинь ийшээ явуулчихна” гээрэй гэв. Тэд явж, гудамжинд үүдэнд уяатай дудранг олов. Тэгээд уяаг нь тайлж байтал тэнд зогсож байгсдын зарим нь —Дудранг тайлж та нар яах гээв? гэхэд тэд Есүсийн айлдсаны дагуу хэлсэнд тэднийг явуулав. Тэд дудранг Есүст авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. Олон түмэн дээлээ зам дээр дэвсэж, зарим нь талбайгаас цавчсан найлзуурыг дэлгэжээ. Өмнө хойно нь явагсад —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Эцэг Давидын маань Айсуй хаанчлал ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа. Есүс Иерусалимд орж, сүмд очив. Эргэн тойрноо харахад, цаг хэдийнээ орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна