Марк 10:26-45
Марк 10:26-45 АБ2013
тэд ихэд гайхаж, хоорондоо —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээв. Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв. Петр Түүнд —Хараач, бүхнийг орхиод бид Таныг дагасан гээд ярьж эхлэв. Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайнмэдээний төлөө гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг эх эсвэл хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхино, тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно гэлээ. Тэд Иерусалимд очихоор замд явж байв. Есүс өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдан явагсад айж байв. Есүс дахиад л арван хоёроо дэргэдээ авч, Өөрт нь юу тохиолдохыг тэдэнд айлдаж эхлэв. — Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харийнханд тушаана. Тэд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр амилна гэв. Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд —Багш аа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг Танаас хүсэж байна гэв. Тэр —Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд тэд Түүнд —Та сүр жавхландаа бидний нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд тэд Түүнд —Чадна гэв. Есүс тэдэнд —Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. Харин баруун зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийнх юм гэж хэлэв. Үүнийг сонсоод, арав нь Иаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв. Есүс тэднийг дуудаж тэдэнд —Харийнхны захирагчдаар тодрогсод ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ. Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог. Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.