Матай 8:5-27

Матай 8:5-27 АБ2013

Есүсийг Капернаумд явж ороход нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж — Эзэнтээн, зарц минь саа өвчин тусаж гэртээ хэвтээд сүрхий өвдөж шаналж байна гэхэд Есүс —Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. Харин зуутын дарга —Эзэнтээн, би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй гэв. Тэгээд Есүс зуутын даргад —Яв, чиний итгэсэнчлэн болог гэх яг тэр цагт зарц нь эдгэрчээ. Есүс, Петрийн гэрт очоод, хадам эхийг нь халуурчихсан хэвтэж байхыг харлаа. Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилж, тэр эмэгтэй босоод Түүнд үйлчлэв. Тэд тэр орой чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчирсанд, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Тэр бидний сул дорой байдлыг авч, өвчин зовлонг маань үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа. Эргэн тойронд нь байгаа үй олныг Есүс хараад, нуурын нөгөө тал уруу явахыг тушаав. Нэгэн хуулийн багш ирж, Түүнд —Багш аа, би Таныг хаа ч явсан дагая гэв. Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гэлээ. Дагалдагчдын нэг нь Түүнд —Эзэн, эхлээд явж, эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд Есүс —Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв. Түүнийг завинд суухад, шавь нар нь Түүнийг дагалаа. Гэнэт нуурт хүчтэй шуурга босож, завь давалгаанд автахад Есүс харин унтаж байлаа. Тэд ирж, Түүнийг сэрээгээд —Эзэн авраач, бид сүйрлээ гэхэд нь Есүс тэдэнд —Юунд айцгаана вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо. Хүмүүс гайхаж —Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо? гэлцэв.