Матай 5:13-37
Матай 5:13-37 АБ2013
Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. Эдгээр тушаалын хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно. Би та нарт хэлье, та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. “Чи хүн бүү ал, хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж хууччуулд айлдсаныг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэлд хүргэж, чи шоронд хаягдах вий. Үнэнээр Би та нарт хэлье, чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй. “Чи бүү завхайр” гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм. Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр. Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр. “Хэн боловч эхнэрээсээ салбал цуцлалтын бичгээ түүнд өг” гэж хэлсэн байдаг. Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн. “Хуурамчаар бүү тангарагла, харин Эзэнд амласнаа биелүүл” гэж хууччуулд хэлснийг та нар мөн сонссон. Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, энэ нь Бурханы сэнтий юм. Газраар ч болохгүй, энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ агуу их Хааны хот юм. Толгойгоороо ч чи бүү тангарагла, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна. Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг юм.