Матай 4:12-25
Матай 4:12-25 АБ2013
Иохан баривчлагдсаныг Есүс сонсоод Галил тийш зайлан одов. Тэр Назарыг орхиж, Зебулун ба Нафтали мужийн нуурын дэргэдэх Капернаумд очиж суурьшив. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн хэрэг бөгөөд «Тэнгис хүрэх зам дээрх Зебулун нутаг ба Нафталийн нутаг, Иорданы чанад, Харийнхны Галил аа Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм. Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. Есүс тэдэнд —Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа. Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ. Галил, Декаполь, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олноороо Түүнийг дагалаа.