Матай 27:1-56

Матай 27:1-56 АБ2013

Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн, Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв. Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосыг ахлах тахилчид болон ахлагчдад буцаан өгч — Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв. Иудас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад, зайлан явж, өөрийгөө дүүжилжээ. Ахлах тахилч нар мөнгөн зоосыг авч —Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв. Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр ваарчны талбайг худалдан авч, гаднынхныг тавьдаг газар болгов. Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст талбай» хэмээгдэх болжээ. Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ, гучин мөнгөн зоосыг тэд авч, Эзэний надад айлдсан ёсоор ваарчны талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ. Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд ямар олон зүйл Таны эсрэг гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд ганц ч үг хариулсангүйд захирагч ихэд гайхжээ. Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг суллаж заншсан байв. Тэр үед тэдэнд Бараб гэгч зард гарсан хоригдол байлаа. Тэгээд олныг цуглахад Пилат тэдэнд —Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ. Учир нь тэд атаархсандаа Түүнийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ. Гэвч ахлах тахилч нар ба ахлагчид Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгө хэмээн ард олныг ятгасан байлаа. Захирагч тэдэнд —Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд —Барабыг гэцгээлээ. Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв. Пилат —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? гэж асуусанд харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ. Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч, Түүн уруу бүтэн анги цуглуулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон, Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг тайлж, хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавалын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хүрч ирээд, цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй. Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч, суугаад тэндээ Түүнийг харгалзаж байв. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн — Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ. Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар —Ели, Ели, лема сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод —Энэ Елиаг дуудаж байна гэв. Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсны үзүүрт торгоон Түүнд уулгахаар өглөө. Харин бусад нь —Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс дахин чангаар хашхираад амьсгал хураав. Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч, булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж, Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч, ариун хотод орж, олонд харагджээ. Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв. Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэй тэнд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.

Матай 27:1-56 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна