Матай 26:31-75

Матай 26:31-75 АБ2013

Тэгэхэд Есүс тэдэнд —Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ. Харин Би амилуулагдсаныхаа дараа та нараас өмнө Галилд очно гэв. Петр Түүнд —Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй гэхэд Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. Тэгтэл Петр Түүнд —Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээв. Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ. Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. Дахин ирээд, тэдний нүд нь анилдсанаас унтсаныг харав. Тэр тэднийг дахин орхиж холдон яваад, гурав дахь удаагаа залбирч, нөгөө үгээ л хэлжээ. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ. Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ. Есүсийг бариад тэргүүн тахилч Каиафт хүргэхэд хуулийн багш нар, ахлагчид цугласан байв. Харин Петр Түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагаж дотогш ороод, зарц нарын хамт, юу болохыг харж суув. Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл хайсаар байлаа. Хэдийгээр олон хуурамч гэрч гарч ирсэн боловч тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд — “Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж энэ хүн хэлж байсан гэв. Тэргүүн тахилч босож, Түүнд —Чамд хариулах юм алга уу? Чиний эсрэг эд нар юу гэрчилж байгаа юм бэ? гэлээ. Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв. Есүс түүнд —Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлэн дээр ирэхийг харах болно гэж айлдав. Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд —Тэр үхэх ёстой гэцгээлээ. Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад — Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, Христ ээ? гэцгээв. Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирээд, —Чи ч бас Галилын Есүстэй байсан шүү дээ гэхэд тэр харин бүгдийн өмнө үгүйсгээд —Юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв. Петрийг хашааны хаалгаар гарахад өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байгсдад —Энэ, Назарын Есүстэй байсан гэж хэлэв. Тэр дахин үүнийг өчиглөн үгүйсгэж —Би энэ хүнийг танихгүй гэв. Тэгтэл удалгүй, тэнд байгсад ирээд —Чи гарцаагүй тэдний нэг мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв. Петр хараал тавин тангараглаж —Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр мөчид тахиа донгодов. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагш гарч, гашуунаар уйлав.

Матай 26:31-75 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна