Матай 26:14-35

Матай 26:14-35 АБ2013

Тэр үед арван хоёрын нэг Искариотын Иудас ахлах тахилч нарт очиж — Түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслэв. Тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв. Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Тэр арван хоёртойгоо ширээнд тухлан байлаа. Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд тэд ихэд зовнин дор бүрдээ л Түүнээс —Би биш биз дээ, Эзэн! гэцгээв. Тэр —Тавганд Надтай гар дүрэгч нь Надаас урвах болно. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Есүсээс урвасан Иудас —Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр —Чи өөрөө хэллээ гэв. Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг Эцэгийнхээ хаанчлалд та нартай шинээр уух өдрийг хүртэл уухгүй гэв. Магтуу дуулсныхаа дараа тэд Чидун уул өөд явцгаав. Тэгэхэд Есүс тэдэнд —Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ. Харин Би амилуулагдсаныхаа дараа та нараас өмнө Галилд очно гэв. Петр Түүнд —Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй гэхэд Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. Тэгтэл Петр Түүнд —Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээв.