Матай 22:15-46
Матай 22:15-46 АБ2013
Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөв. Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ. Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд Есүс тэдний хорон санааг мэдээд —Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ? Татварт өгдөг зоосыг Надад үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ. Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Түүнийг орхин одлоо. Амилал гэж байхгүй хэмээдэг садукайчууд тэр өдөр Түүн дээр ирж Түүнээс асуусан нь — Багш аа, Мосе “Хүн үр хүүхэдгүй үхвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн. Манайд ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхэж эхнэрээ дүүдээ үлдээсэн. Хоёр дахь, гурав дахь тэгээд долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. Амилалд тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. Амилалд тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. Харин үхэгсдийн амиллын тухайд Бурханаас та нарт айлдсаныг уншаагүй хэрэг үү? Тэрээр “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв. Үүнийг сонсоод ард олон, сургаалыг нь гайхаж байлаа. Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд харин сонсоод цуглав. Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж — Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ. Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс — Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд —Давидын хүү гэцгээв. Тэр тэдэнд —Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад, “ЭЗЭН миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Баруун талд минь залрагтун» гэдэг” гэсэн юм бэ? Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.