Матай 21:23-46

Матай 21:23-46 АБ2013

Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Түүн дээр ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад Есүс тэдэнд —Би мөн та нараас нэг зүйл асууя. Хэрэв Надад хариуг хэлбэл Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. Иоханы баптисм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд хоорондоо эргэцүүлэн ярилцаж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд, Түүнд —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс тэдэнд —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв. Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр уугандаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн талбай дээр ажилла” гэсэнд хүү нь “Үгүй” гэв. Гэвч дараа нь гэмшээд, явжээ. Тэрээр удаахдаа мөн тэгж хэлэхэд хүү нь “За” гэсэн атлаа явсангүй. Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд —Эхнийнх нь гэв. Есүс тэдэнд хандан —Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас урьтаж Бурханы хаанчлалд орно. Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид ба янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзээд гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй. Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ. Ургац хураах цаг ойртоход эзэн усан үзэм авчруулахаар зарц нараа тариаланчдад илгээжээ. Тариаланчид зарц нарыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алж, бас нэгийг нь чулуугаар цохив. Эзэн эхнийхээсээ олон зарц нарыг дахин илгээсэнд тэд мөн л адил үйлдэв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд хүүгээ илгээв. Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ. Тэгээд тэд түүнийг барьж, усан үзмийн талбайн гадна гаргаж хаяад, түүнийг алав. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн ирээд тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд тэд —Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв. Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу? Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг ургуулах үндэстэнд өгөх болно. Хэн энэ чулуун дээр унана, тэр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав. Фарисайчууд ба ахлах тахилч нар сургаалт зүйрлэлүүдийг нь сонсоод, өөрсдийнх нь тухай Тэр ярьсныг мэдэв. Тэд Түүнийг барихыг санаархсан авч хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг тул ард олноос айв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна