Матай 20:17-34

Матай 20:17-34 АБ2013

Есүс Иерусалим уруу явж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад, замдаа тэдэнд — Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт Хүний Хүү тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан, харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ. Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдтэйгээ Түүн дээр ирээд, өмнө нь мөргөж, Түүнээс юм гуйх гэв. Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв. Тэр тэдэнд —Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав. Үүнийг өнөөх арав нь сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв. Харин Есүс тэднийг дуудаад, —Харийнхны захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ. Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. Тэднийг Иерихогоос гарч явахад асар олноороо Түүнийг дагалаа. Үзэгтүн, замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав. Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж хашхирав. Есүс зогсож, тэднийг дуудаад —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд тэд —Эзэн, нүдийг маань нээгээч гэв. Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь хүрэхэд тэд тэр даруй хараа орж, Түүнийг дагалаа.