Матай 14:13-36

Матай 14:13-36 АБ2013

Есүс үүнийг сонсоод, тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод хотоос гарч, Түүнийг явганаар дагалаа. Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэйг нь эдгээв. Орой болоход шавь нар нь Түүн дээр ирж —Энэ газар зэлүүд мөн цаг хэдийнээ оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгодод очиж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв. Харин Есүс тэдэнд —Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд Түүнд —Бидэнд таван талх, хоёрхон загаснаас өөр юм алга гэсэнд — Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв. Есүс хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв. Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрс идсэн ажээ. Тэр даруй Есүс хурсан олныг тараан явуулах зуур шавь нараа завинд суулгаж, нөгөө эрэг уруу түрүүлэн явуулав. Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв. Харин завь хэдийнээ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давалгаанд түрэгдэж байлаа. Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав. Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, шавь нар нь сандарч —Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хашхиралдав. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ. Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв. Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрчээ. Тэр нутгийн эрчүүд Түүнийг таниад, хавь орчныхоо бүх газарт үг илгээж, өвчтэй болгоныг Түүнд авчирлаа. Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэж байлаа.