Матай 14:1-12

Матай 14:1-12 АБ2013

Тэр үед захирагч Херод, Есүсийн сургийг сонсов. Херод зарц нартаа —Энэ бол баптисч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа. Яагаад гэвэл Иохан, Херодод —Херодиаг та авах нь хууль бус юм гэж хэлсэн ажээ. Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв. Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж Херодод таашаагджээ. Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав. Охин, эхийнхээ ятгалгаар —Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ. Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон зочдоосоо болоод түүнийг нь өгөхийг тушаав. Ингээд тэр хүн илгээж, шоронд Иоханы толгойг авчээ. Толгойг нь охинд царан дээр авчирч өгсөнд тэрээр эхдээ аваачив. Иоханы шавь нар ирж цогцсыг нь авч оршуулаад, явж Есүст мэдэгдлээ.