Матай 13:44-58
Матай 13:44-58 АБ2013
Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна. Бас тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж, түүнийг авна. Мөн тэнгэрийн хаанчлал нь төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан том тортой адил юм. Тор дүүрмэгц тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайныг нь саванд хийн, харин мууг нь хаяна. Үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэрэлч нар ирж, зөвтийн дундаас ёрын мууг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй. Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд —Тийм ээ гэв. Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв. Есүс эдгээр сургаалт зүйрлэлийг дуусгаад тэндээс явав. Тэр, нутагтаа ирээд синагогт нь тэдэнд заахад тэд гайхшран —Хаанаас энэ хүн энэ цэцэн ухаан ба хүчит гайхамшигуудыг авсан юм бол? Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү? Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл тэр бүхнийг энэ хаанаас авав? гэцгээв. Тэд Түүнд бүдрэн унтууцахад Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон хүчит гайхамшиг үйлдсэнгүй.