Матай 13:1-17
Матай 13:1-17 АБ2013
Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа. Түүн дээр үй олон хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөм эрэг дээр зогсож байлаа. Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ —Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, шувууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Шавь нар Түүн дээр ирж, —Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана. Тэд харавч эс ухааран, сонсовч үл сонсдог агаад ойлгодог ч үгүй тул Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тэдэнд Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр “Та нар сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.