Матай 12:22-50
Матай 12:22-50 АБ2013
Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. Хурсан олон бүгд гайхаж —Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв. Харин фарисайчууд үүнийг сонсоод —Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ. Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. Хэрэв Сатан нь Сатанаа зайлуулбал тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж буй хэрэг. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгчид болно. Гэвч Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэрхэн гэрт нь орж, эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах билээ? Тэгж байж л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн. Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсийг доромжлох нь үл уучлагдана. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг хэлсэн хэн ч энэ ба ирэх үед ч эс уучлагдана. Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн үгсээрээ яллагдана гэв. Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд —Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна гэсэнд Тэр харин тэдэнд —Ёрын муу болоод завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна. Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна. Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж, амралтыг хайвч эс олдог. Тэгээд тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ ёрын муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав. Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур, үзэгтүн, эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжлэн, гадаа зогсож байлаа. Нэг нь Түүнд —Хараач, эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна гэхэд Есүс харин түүнд —Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд, шавь нарынхаа зүг гараа сунган —Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч, дүүс мөн гэж айлдав.