Матай 11:1-30
Матай 11:1-30 АБ2013
Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар тунхаглан номлож, заахаар тэндээс явав. Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, шавь нараараа үг дайж, Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгав. Есүс хариуд нь тэдэнд —Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. Тэднийг явмагц Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. Түүний тухай “Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ” гэж бичигдсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд баптисч Иоханаас илүү агуу нэгэн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ. Баптисч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчирхэгжихэд, хүчирхийлэгчид ч бас хүчээ авав Хууль болоод бүх эш үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа. Та нар хүлээн авахыг хүсвэл тэр нь ирэх ёстой Елиа юм. Сонсох чихтэй нь сонсогтун. Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлэх вэ? Энэ нь гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. Хүний Хүүг ирээд идэж уухаар нь тэд “Хараач, энэ ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд!” гэцгээдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан үйлсээрээ зөвтгөгддөг гэв. Тэгээд Тэр ихэнх гайхамшигаа үйлдсэн хотуудаа зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм. — Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан. Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцэхүйц байх болно. Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. Хэрэв та нарт учирсан хүчит зүйлс нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан. Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом нутаг чамаас илүү хүлцэхүйц байх болно гэлээ. Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ Аав минь, учир нь Таны өмнө энэ нь тааллыг олсон билээ. Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг мэдэхгүй. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.