Лук 9:51-62
Лук 9:51-62 АБ2013
Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорилоо. Тэр зарлага элч нараа өмнөө илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар Самарийнхны сууринд очжээ. Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй. Шавь нар нь болох Иаков, Иохан нар үүнийг хараад Түүнд —Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд Тэр эргэн тэднийг зэмлэв. [—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд бус, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав. Тэднийг замд явж байтал нэгэн хүн Түүнд —Би Таныг хаа ч явсан дагая гэв. Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гээд өөр нэгэнд —Намайг дага гэхэд тэр —Эзэн, эхлээд явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэжээ. Гэтэл Есүс —Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв. Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд харин Есүс —Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.