Лук 9:1-10
Лук 9:1-10 АБ2013
Есүс арван хоёроо цугт нь дуудаад, өвчнийг эдгээх болон бүх чөтгөрөөс дээгүүрх хүч, эрх мэдлийг тэдэнд өгчээ. Бурханы хаанчлалыг тунхаглуулан мөн өвчтэйг эдгээлгэхээр Тэр тэднийг илгээв. Тэр тэдэнд —Аян замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй. Та нар ямар айлд орно, явтлаа тэндээ бай. Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн сайнмэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа. Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхлээс амилсан гэж, зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь хуучны эш үзүүлэгчдийн нэг нь амилсан гэж ярьж байжээ. Херод —Би, Иоханы толгойг авахуулсан. Тэгвэл надад өөрийнх нь талаар иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа. Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан Бетсайд хэмээх хотыг зүглэж хэдүүлхнээ явлаа.

