Лук 8:27-56

Лук 8:27-56 АБ2013

Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч ирээд Түүнтэй тулгарав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв. Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ. Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтад байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байсан аж. Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь оёоргүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа. Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв. Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нууранд унан живцгээлээ. Болсон бүхнийг хараад гахайчид зугтаж, энэ тухай хот хөдөөгүй ярив. Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав. Үүнийг үзсэн хүмүүс чөтгөр шүглэсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ. Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцаад явжээ. Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, — Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тэр тунхагласаар явж одлоо. Буцаж ирэхэд нь ард олон Есүсийг угтан авав. Тэд бүгд Түүнийг хүлээж байлаа. Үзэгтүн, синагогийн ахлагч Иаир гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэрт нь ирэхийг Түүнээс гуйжээ. Учир нь тэрээр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус гоожих нь зогсов. Есүс —Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд —Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа гэв. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж, —Охин тань үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв. Харин Есүс үүнийг сонсоод, түүнд —Бүү ай, гагцхүү итгэ. Тэр аврагдах болно гэлээ. Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс —Уйлахаа боль. Тэр үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд үхсэнийг нь мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд сүнс нь эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ. Охины эцэг эх нь учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна