Лук 8:16-25
Лук 8:16-25 АБ2013
Хэн ч дэнлүү асаагаад савны доор нуух юмуу орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. Илчлэгдэхгүй байхаар халхлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв. Тэгтэл эх болон дүү нар нь Түүн дээр ирэв. Маш олон хүн байснаас тэд Түүн уруу очиж чадаагүй тул Түүнд —Эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна гэж хэлүүлэв. Харин Есүс тэдэнд —Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгсэд нь Миний эх, дүүс мөн гэжээ. Тэр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд —Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэжээ. Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв. Тэд Түүн уруу очиж сэрээгээд —Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов. Тэр шавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.