Лук 7:1-23

Лук 7:1-23 АБ2013

Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа өндөрлөж, Капернаумд явж ороход нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ. Есүсийн тухай тэр сонсоод, ирж зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав. Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж —Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. Тэр манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болоход зуутын дарга андуудаа илгээн —Эзэн, Та Өөрийгөө наашаа бүү чилээ. Би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Иймээс би өөрийгөө ч Тан дээр очих үнэ хүндтэй бус хэмээн үзэв. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан Өөрийг нь дагаж явсан олонд —Би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл олоогүй юм гэлээ. Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх зарц эрүүл болсныг олж харав. Үүний дараа удалгүй Есүс, Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв. Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ мөн —Бурхан ард түмэн дээрээ ирлээ гэцгээж байлаа. Түүний тухай энэхүү зар Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа. Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж —Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв. Тэд Есүс дээр ирээд —Баптисч Иохан биднийг Танд илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ. Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илааршуулж, сохорсон олонд хараа хайрлав. Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв.

Лук 7:1-23-д зориулсан видео