Лук 6:1-11

Лук 6:1-11 АБ2013

Тэр нэгэн Амралтын өдөр, тариан талбайгаар дайран өнгөрч явахад шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан иджээ. Гэтэл фарисайчуудын зарим нь —Та нар чинь Амралтын өдөр хууль бусыг юунд үйлдэнэ вэ? гэхэд Есүс —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд, тэдэнд —Хүний Хүү бол Амралтын өдрийн ч Эзэн мөн гэлээ. Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиршсан хүн байжээ. Фарисайчууд ба хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд тэр хүнийг Есүс, Амралтын өдөр эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа. Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Босоод, урагшаа гарч ир гэсэнд тэр босож урагшаа гарлаа. Есүс тэдэнд —Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гээд, тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд —Гараа сунга гэв. Тэр тэгсэнд гар нь зүгээр болсон байлаа. Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна