Лук 23:26-34
Лук 23:26-34 АБ2013
Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курений Симоныг барьж, түүнд загалмайг үүрүүлэн, Есүсийн араас явуулав. Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа. Харин Есүс тэдэн уруу эргэж —Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл. Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд уулсад хандан “Бидэн дээр унаач”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно. Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхай модонд энэ нь юу болох билээ? гэв. Өөр хоёр гэмт хэрэгтэнг Түүнтэй хамт алахаар авч явлаа. Тэд Гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.