Лук 22:54-71

Лук 22:54-71 АБ2013

Тэд Түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр алсуур дагасаар очив. Хүмүүс хашааны дунд гал түлээд тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад түүнийг ширтэн —Энэ хүн ч бас Түүнтэй хамт байсан гэхэд Петр үүнийг үгүйсгэж —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ. Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад —Чи бас тэдний нэг байна гэхэд Петр —Хүн гуай, би биш гэв. Нэг цаг орчмын дараа өөр нэг нь —Энэ бас Галилынх тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ. Тэгтэл Петр —Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байх тэр мөчид тахиа донгодов. Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад гадагш гарч, гашуунаар уйлав. Харгалзагчид Есүсийг зодож, Түүгээр доог тохуу хийв. Тэд Есүсийн нүдийг боогоод —Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа. Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв. Өглөө болоход ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг Зөвлөлийн танхимд хүргүүлэв. Тэд —Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээдэх гэхэд Тэр —Би хэлбэл та нар итгэхгүй. Би та нараас асуувал та нар хариулахгүй. Харин үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун талд залрах болно гэжээ. Тэд бүгд —Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд —Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв. Тэд —Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.

Лук 22:54-71-д зориулсан видео