Лук 22:32-52

Лук 22:32-52 АБ2013

Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд тэр Түүнд —Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв. Есүс —Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв. Тэгээд Тэр тэдэнд —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв. Тэр тэдэнд —Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр дээлээ зарж илд худалдаж аваг. Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв. Тэгтэл тэд —Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр —Энэ чинь хангалттай гэв. Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа. Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж —Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. — Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв. Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, тэдэнд —Та нар юунд унтана вэ? Босоцгоо, уруу татагдахгүйн тулд залбирцгаа гэж айлдав. Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв. Харин Есүс түүнд —Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу? гэв. Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд тэдний нэг нь тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг нь тас цавчжээ. Тэгтэл Есүс —Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. Тэгээд хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд Есүс —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү?

Лук 22:32-52-д зориулсан видео