Лук 22:1-38

Лук 22:1-38 АБ2013

Алгасалын гэгддэг Исгээгүй талхны баяр ойртож байлаа. Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хөнөөх аргаа хайж байлаа. Тэд ард олноос айж байв. Арван хоёрын нэг байсан Искариот гэгдэгч Иудаст Сатан шүглэв. Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв. Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ. Иудас ч санаа нийлж, Түүнийг хурсан олноос зайдуухан тэдэнд барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв. Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. Тэд Түүнд —Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд Тэр тэдэнд —Харагтун, та нарыг хот уруу ороход, ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш маань «Шавь нартайгаа Алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүлж байна” гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэжээ. Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд, Тэр аягыг авч, талархал өргөн —Үүнийг авч, дундаа хүртэцгээ. Би та нарт хэлье. Үүнээс хойш Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлал иртэл уухгүй гэв. Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна. Учир нь үнэхээр Хүний Хүү тогтоогдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв. Тэд өөр хоорондоо —Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв. Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. Тэр тэдэнд —Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг. Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө. Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно. Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд тэр Түүнд —Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв. Есүс —Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв. Тэгээд Тэр тэдэнд —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв. Тэр тэдэнд —Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр дээлээ зарж илд худалдаж аваг. Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв. Тэгтэл тэд —Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр —Энэ чинь хангалттай гэв.

Лук 22:1-38-д зориулсан видео