Лук 21:20-38

Лук 21:20-38 АБ2013

Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог. Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм. Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно. Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана. Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв. Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Инжрийн мод болон бүх моддыг хар. Тэдгээрийн нахиалахыг хараад зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй. Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв. Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв. Сүмд очиж Түүнийг сонсохоор бүх хүн өглөө эртлэн босдог байлаа.

Лук 21:20-38-д зориулсан видео