Лук 2:25-52

Лук 2:25-52 АБ2013

Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад —Эзэнтэн, Та үгийнхээ дагуу Зарц намайгаа амар тайван явуултугай. Учир нь нүд минь Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ. Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ. Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа. Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад —Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ. Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ гэв. Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч өндөр настай эш үзүүлэгч эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад дараа нь наян дөрвөн нас хүртэлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй. Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив. Тэд Эзэний хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу, өөрсдийнхөө Назар хотод буцжээ. Хүүхэд өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан юм. Эцэг эх нь жил бүр, Алгасалын баяраар Иерусалим явдаг байв. Түүнийг арван хоёр настай байхад нь баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй. Түүнийг жингийн цуваан дунд байгаа хэмээн тэд бодсоор аяныхаа нэг өдөр яваад төрөл садан, танилуудынхаа дунд Түүнийг хайтал эс олов. Есүсийг хайн Иерусалимд тэд буцаж ирэв. Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ. Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа. Түүнийг хараад тэд ч гайхаж, эх нь Түүнд —Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Харагтун, эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд Тэр —Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь мэдсэнгүй гэж үү? гэв. Хэлсэн үгийг нь тэд эс ойлгов. Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв. Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.