Лук 12:1-34

Лук 12:1-34 АБ2013

Тэр хооронд хүмүүс үй түмээрээ хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа —Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хоёр нүүрт байдал юм. Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. Иймд харанхуйд хэлсэн чинь гэрэлд сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээвэр дээр зарлагдана. Би та нарт хэлье. Андууд минь, махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй. Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс эмээгтүн. Таван бор шувууг хоёрхон задгай зоосоор худалддаг бус уу? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы өмнө мартагдахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй. Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч хүн бүрийг Бурханы тэнгэрэлч нарын өмнө Хүний Хүү хүлээн зөвшөөрөх болно. Харин хүмүүсийн өмнө Намайг үгүйсгэгч нь Бурханы тэнгэрэлч нарын өмнө үгүйсгэгдэнэ. Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч хэн боловч уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн эс уучлагдана. Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын өмнө аваачихад та нар өөрсдийгөө хамгаалж яаж, юу гэж ярих эсвэл юу хэлэх талаар санаа бүү зов. Юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж өгнө гэв. Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд —Багш аа, надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин Тэр —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, өв хуваагчаар томилчихдог билээ? гэв. Тэгээд Тэр тэдэнд —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв. Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд “Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв. Тэр шавь нартаа —Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм. Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ? Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна? Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл хийдэг ч үгүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан бүх сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм. Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ, өчүүхэн итгэлтнүүд ээ! Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хай. Санаа бүү зов. Ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй. Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.

Лук 12:1-34-д зориулсан видео