Лук 11:1-36
Лук 11:1-36 АБ2013
Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд —Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. Тэр тэдэнд —Та нар залбирахдаа “Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Өдөр тутмын минь талхыг Өдөр бүр бидэнд өгөөч. Бидэнд өртэй бүхнээ Бид уучилдаг учир Бидний нүглийг мөн уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач” гэж хэл гэв. Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” гэхэд нь дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Үүдээ хэдийнээ түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ. Би та нарт хэлье. Хэрэв тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ загас гуйхад оронд нь могой өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэт хорхой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв. Тэр хэлгүйн чөтгөрийг хөөн гаргажээ. Ингээд чөтгөр нь зайлж одоход, мөнөөх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон ихэд гайхацгаав. Харин тэдний зарим нь —Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж байхад, зарим нь Түүнийг сорихын тулд, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг Түүнээс шаардаж байлаа. Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Айл гэр дотроо хуваагдвал унана. Сатан өөрийн эсрэг хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебүлээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно. Гэвч Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр эдлэн газраа хамгаалвал өмч хөрөнгө нь амар тайван байна. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно. Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн. Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч юуг ч эс олох үед тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. Буцаж ирээд өнөөхийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав. Түүнийг энэ зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд —Таныг тээсэн хэвлий, Таныг хөхүүлсэн хөх нь ерөөлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв. Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ. Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр —Энэ үеийнхэн бол ёрын муу үеийнхэн. Тэд тэмдгийг эрж хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно. Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна. Хэн ч дэнлүү асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. Нүд чинь биеийнхээ дэнлүү юм. Тиймээс нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин ёрын муу аваас бие чинь мөн харанхуй байна. Иймд өөрийгөө хар, чиний доторх гэрэл нь харанхуй биш биз. Бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн агаад өчүүхэн төдий ч харанхуйгүй бол дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг энэ нь бүхэлдээ гэрлээр дүүрэн байна гэв.