Лук 11:1-28
Лук 11:1-28 АБ2013
Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд —Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. Тэр тэдэнд —Та нар залбирахдаа “Аав аа, Таны нэр ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Өдөр тутмын минь талхыг Өдөр бүр бидэнд өгөөч. Бидэнд өртэй бүхнээ Бид уучилдаг учир Бидний нүглийг мөн уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач” гэж хэл гэв. Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” гэхэд нь дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Үүдээ хэдийнээ түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ. Би та нарт хэлье. Хэрэв тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ загас гуйхад оронд нь могой өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэт хорхой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв. Тэр хэлгүйн чөтгөрийг хөөн гаргажээ. Ингээд чөтгөр нь зайлж одоход, мөнөөх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон ихэд гайхацгаав. Харин тэдний зарим нь —Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж байхад, зарим нь Түүнийг сорихын тулд, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг Түүнээс шаардаж байлаа. Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Айл гэр дотроо хуваагдвал унана. Сатан өөрийн эсрэг хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебүлээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно. Гэвч Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. Бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр эдлэн газраа хамгаалвал өмч хөрөнгө нь амар тайван байна. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно. Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн. Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч юуг ч эс олох үед тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. Буцаж ирээд өнөөхийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав. Түүнийг энэ зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд —Таныг тээсэн хэвлий, Таныг хөхүүлсэн хөх нь ерөөлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв. Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.