Лук 10:1-24
Лук 10:1-24 АБ2013
Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв. Тэр тэдэнд айлдахдаа —Ургац арвин ч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа. За, яв. Харагтун, Би та нарыг чонон дундах хурганууд мэт илгээлээ. Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл. Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл. Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол тэр нь та нарт буцаж ирнэ. Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж. Ямар ч хотод та нар очсон тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь юу ч тавьсан түүнийг ид. Тэнд өвчтэйг нь эдгээ. Тэдэнд “Бурханы хаанчлал та нарт айсуй” гэж хэлэгтүн. Харин ямар ч хотод очсон хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад, “Бидний хөлд наалдсан, хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал айсуйг сайн мэдтүгэй” гэж хэл. Би та нарт хэлье, тэрхүү өдөр Содом нь уг хотоос илүү хүлцэхүйц байх болно. Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан. Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцэхүйц байх болно. Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ. Мөнөөх далан хүн баяртайгаар буцаж ирээд —Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр эрхшээлд маань орсон шүү хэмээхэд Тэр тэдэнд —Би Сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа. Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв. Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор хөөрөн баясаж, —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ. Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг хэн гэдгийг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг хэн гэдгийг мэдэхгүй гээд шавь нар уруугаа эргэж тэдэнд тусгайлан —Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй. Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч ба хаад харахыг хүссэн авч хараагүй мөн сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.