Леви 5:1-13
Леви 5:1-13 АБ2013
Хэрэв хүн харсан эсвэл мэдсэнээрээ гэрч болж, хараал зүхлийн дууг сонссон атлаа эс хэлснээрээ нүгэл үйлдвэл тэр хүн хилэнцээ үүрэх болно. Эсвэл хүн аливаа бузар зүйлд, бузар араатны сэг эсвэл бузар малын сэг эсвэл бузар мөлхөгч амьтдын сэг зэмд хүрсэн бөгөөд тэгснийгээ мэдээгүй байх аваас тэрээр бузартсан агаад ялтай болох ажгуу. Эсвэл бузар нь юу байхаас хамааралгүй, хүмүүний аливаа бузарт тэр хүрч, тэгснийгээ мэдээгүй байгаад, дараа нь мэдэх аваас тэрээр ялтай болой. Эсвэл аливаа хүн бодлогогүйгээр аливаа хэрэг явдалд мууг эсвэл сайныг хийнэ гэж амаараа ярьж, бодлогогүйгээр андгайлж, тэгснийгээ мэдээгүй байгаад дараа нь мэдэх аваас тэрээр эдгээрийн аль нэгнээр ялтай болой. Тиймээс эдгээрийн аль нэгээр ялтай болох аваас үүгээр нүгэл үйлдсэнээ өчих ёстой. Тэгээд үйлдсэн нүгэлдээ ЭЗЭНд өөрийн ялын тахил буюу бог малаас эм хурга эсвэл ямаанаас эм ишгийг нүглийн тахил болгон авчраг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийнэ. Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой. Тэр эдгээрийг тахилчид авчрахад тахилч нүглийн тахилд зориулсан нэгийг нь эхлээд өргөж, толгойг нь шилэн хүзүүнийх нь угаар мушгих бөлгөө. Тэрээр харин толгойг нь салгаж болохгүй. Тэрээр нүглийн тахилын цуснаас тахилын ширээний хажуу уруу цацаад, үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь уруу гоожуулна. Энэ нь нүглийн тахил юм. Тэгээд тэр удаахыг нь шатаалт тахил болгон журмын дагуу тахина. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж, тэр уучлагдах болно. Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй. Тэр үүнийг тахилчид авчраад тахилч үүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, үүнийгээ ЭЗЭНд өргөх галан тахилын хамт тахилын ширээн дээр шатааг. Энэ нь нүглийн тахил юм. Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.