Леви 4:1-35
Леви 4:1-35 АБ2013
ЭЗЭН, Мосед айлдахдаа — Израилийн хөвгүүдэд “ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлээс хүн аль нэгийг нь хийж, санамсаргүй нүгэл үйлдэх аваас, хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг. Тэрээр бухыг уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө авчраад, гараа бухын толгой дээр тавьж, үүнийг ЭЗЭНий өмнө нядлаг. Тослогдсон тахилч бухын цуснаас аваад, үүнийгээ уулзалтын майханд авчраг. Тахилч цусанд хуруугаа дүрэн ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө цуснаас долоон удаа цацах бөлгөө. Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана. Нүглийн тахилд тэр үүнээс бухын бүх өөхийг нь буюу сэмж, бүх дотор өөхийг, хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт, эвийн тахилын үхрээс салгасан тэр ёсоор салгана. Тахилч эдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаах бөлгөө. Харин бухын арьс болон бүх махыг нь толгой, мөч, гэдэс дотор, сэвс буюу бухыг бүхэлд нь тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж, модон дээр галдан шатааг. Үүнийг үнс асгадаг газарт шатааг. Хэрэв Израилийн даяар хотол түмэн санамсаргүй алдаж, уг хэрэг чуулганд анзаарагдахгүй өнгөрөх буюу ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд ялтай болох аваас тэдний үйлдсэн нүгэл мэдэгдэх үед чуулган нүглийн тахилд зориулан залуу бух өргөг. Үүнийг уулзалтын майхны өмнө авчрах бөлгөө. Хотол түмний ахмадууд ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр гараа тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлаг. Тэгээд тослогдсон тахилч бухын цуснаас уулзалтын майханд авчирна. Тахилч цусанд хуруугаа дүрэн ЭЗЭНий өмнө, хөшигний өмнө долоон удаа цацна. Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана. Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган тахилын ширээн дээр шатаан уугиулна. Нүглийн тахилын буханд хийсэнчлэн уг буханд мөн тэгж хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдэнд эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно. Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ нь чуулганд зориулсан нүглийн тахил юм. Удирдагч нүгэл үйлдэж, ЭЗЭН Бурханы хийхийг хориглосон бүх зүйлээс санамсаргүй үйлдэн ялтай болох аваас хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэрээр согоггүй ухныг тахилдаа зориулан авчрах ёстой. Тэрээр ухнын толгой дээр гараа тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө үүнийг нядална. Энэ нь нүглийн тахил юм. Тэгээд нүглийн тахилын цуснаас тахилч хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад цусыг нь шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой. Бүх өөхийг нь тэрээр эвийн тахилуудын өөхний адил тахилын ширээн дээр шатааг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно. ЭЗЭН тушаалаараа хориглосон зүйлсийн аль нэгийг жирийн хүмүүний нэг нь санамсаргүй хийснээрээ нүгэл үйлдэн ялтай болох аваас хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл, тэрээр үйлдсэн нүглийнхээ тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой. Тэр хүн нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, уг нүглийн тахилыг шатаалт тахилын байранд нядална. Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад бүх цусыг нь тахилын ширээний суурь уруу асгах болой. Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно. Тэрээр хургыг өөрийн тахилын өргөл болгон нүглийн тахилд авчрах аваас согоггүй эм хурга авчрах ёстой. Тэр нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, үүнийг шатаалт тахил нядалдаг газарт нүглийн тахилд зориулан нядлах болно. Тахилч нүглийн тахилын цуснаас хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана. Тэгээд тэр бүх өөхийг нь эвийн тахилын хурганы өөхийг салгасантай адил салгах бөгөөд тахилч эдгээрийг тахилын ширээн дээр, галан тахилууд дээр ЭЗЭНд шатаан уугиулна. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж тэрээр уучлагдах болно.