Леви 26:14-45

Леви 26:14-45 АБ2013

Гэхдээ та нар Надад дуулгаваргүй байж, энэ бүх тушаалыг биелүүлэхгүй, Миний зарлигуудыг та нар хэрэгсэлгүй, сэтгэл чинь шийдвэрүүдийг минь жигшсэнээр та нар Миний бүх тушаалыг биелүүлэлгүй, гэрээг минь зөрчих аваас Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана. Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно. Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байвал Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно. Хүч чадалдаа эрдсэн бардамналыг чинь Би буулган эвдэнэ. Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно. Газар чинь үр шимээ, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй учир хүч чадал чинь дэмий үрэгдэнэ. Хэрэв та нар Надад дайсагнасаар, дуулгаваргүй байсаар байх аваас Би нүглээс чинь болж та нарын дээр гай гамшгийг долоо дахин нэмэх болно. Би та нарыг үр хүүхдээс чинь хагацааж, хээрийн араатанг дунд чинь явуулж, мал сүргийг чинь устгаж, хүн амыг чинь цөөрүүлэн, замуудыг чинь эзгүйрүүлэх болно. Хэрэв эдгээрийн дараа та нар засрахгүй, харин Надад дайсагнасаар байвал Би та нарт дайсагнах бөгөөд Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр цохих болно. Би гэрээнийхээ өс хонзонг авах илдийг дээр чинь авчрах бөгөөд хотууддаа хамт цуглах үед чинь Би та нарын дунд тахал илгээж, та нар дайсны гарт тушаагдах болно. Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна. Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байсаар, Надад дайсагнасаар байх аваас Би хилэгнэн та нарт дайсагнаж, Би Өөрөө, Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно. Та нар хөвгүүд охидынхоо махбодыг идэх болно. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно. Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй. Би нутгийг чинь эзгүйрүүлэх учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно. Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно. Та нарыг дайсныхаа нутагт байх зуур, эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг Амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, Амралт нөхөн авах болно. Та нарыг дээр нь амьдарч байх хугацаанд амраагүй энэ нутаг эзгүйрлийнхээ бүх өдрүүдэд Амралтаа эдлэх болно. Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно. Хэн ч мөрдөөгүй байхад тэд илдэнд өртөж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайснаа эсэргүүцэн зогсох ямар ч хүчгүй байх болно. Та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно. Та нараас үлдэгсэд хилэнцийнхээ улмаас дайснуудынхаа нутагт ялзарч мөн эцэг өвгөдийнхөө хилэнцийн улмаас ялзрах болно. Миний эсрэг харш юм хийж, Надад дайсагнасаар байсан өөрсдийн хилэнц нүгэл бас эцэг өвгөдийнхөө хилэнцийг хэрэв тэд улайвал, (Би ч мөн тэднийг эсэргүүцэж дайснуудынх нь нутагт аваачив.) мөн тэдний хозлуулаагүй зүрх нь даруу болж, тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авбал, Би Иаковтай байгуулсан гэрээг санана. Бас Исаактай байгуулсан гэрээгээ мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ ч санана, бас энэ газрыг ч Би санах болно. Уг нутаг тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа Амралтдаа ханах болно. Харин тэд үнэндээ шийдвэрүүдэд минь зэвүүцэж, тэдний сэтгэл зарлигуудыг минь жигшсэн учир тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авах болно. Гэсэн ч дайсныхаа нутагт байх үед нь тэднийг бүрмөсөн устгаж, тэдэнтэй байгуулсан гэрээгээ зөрчих хүртэлээ Би тэднийг зэвүүцэхгүй бас жигшихгүй. Учир нь Би ЭЗЭН, тэдний Бурхан. Харин өөрсдийнх нь Бурхан байхын тулд үндэстнүүдийн нүдний өмнө Египет нутгаас Миний гарган авчирсан та нарын эцэг өвгөдтэй байгуулсан гэрээгээ Би тэдний төлөө санах болно. Би ЭЗЭН” гэдгийг хэлэгтүн гэв.