Иошуа 8:1-29

Иошуа 8:1-29 АБ2013

Ингээд ЭЗЭН, Иошуад —Бүү ай, бүү шантар. Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи уруу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн. Чи Иерихо болон түүний хааныг хэрхэн дийлснийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийнхүү үйлд. Харин олз болгон мал сүргийг л өөрсдөдөө хуваан авч болно. Чи хотын ар талд отолтод гарагтун гэж айлдав. Иошуа бүх дайчин эрчүүдтэй хамт Аи уруу довтлохоор хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг хүчит эрсийг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв. Иошуа тэдэнд тушаан —Анхаарагтун, та нар хотын ар талд отолтод гарах ёстой. Хотоос хэт холдолгүй, бүгд бэлэн бай. Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүнтэйгээ хот уруу дөхөж очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд бид тэднээс зугтана. Тэднийг хотоос холдтол бид зугтана. Тэд “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гээд бидний араас нэхэн гарах болно. Та нар отолтоосоо гарч, хотыг эзэл. Та нарын гарт Бурхан ЭЗЭН чинь хотыг өгөх болно. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Анхаарагтун, би та нарт тушааж байна гэв. Ийнхүү Иошуа тэднийг отолтод явуулсанд тэд Бетел ба Аин хооронд очиж, Аин баруун талд бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв. Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдийг нягтлаад, ард олныг тэргүүлэн Израилийн ахмадуудын хамт Аи уруу явав. Түүнтэй хамт явж байсан бүх дайчин эрс хотын нүүрэн талд ойртон ирээд, Аи хотын хойд зүгт буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв. Тэгээд Иошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд отолтод гаргав. Ийнхүү хүмүүс хотын хойд зүгт бүгд байраа эзэлсэн байлаа. Харин отогчид хотын баруун талд арын хамгаалалтад байрлав. Иошуа тэр шөнийг хөндий дунд өнгөрөөлөө. Үүнийг харсан Аин хаан болон бүх эрс Израилийг тосон байлдахаар үүрээр яаран хөдлөв. Тэд өмнө нь товлосон газар буюу Арабагийн урд байх газрын зүг давшин гарав. Гэвч хотын ар талд отогчид буйг тэр мэдсэнгүй. Иошуа болон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж цөл уруу зугтлаа. Хотод байсан бүх хүн израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос холдов. Ийнхүү Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн Аи болон Бетелд байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхэн хөөжээ. Тэгтэл ЭЗЭН, Иошуад —Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав. Иошуаг гараа сунгах үед, отолтод байсан эрчүүд байрнаасаа яаравчлан гарч, хот уруу нэвтрэн орж түүнийг эзлээд, хотод тэр даруй гал тавив. Аин эрчүүд эргэн хараад хотын утаа тэнгэр өөд суунаглаж байхыг үзэв. Цөл уруу зугтагсад мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов. Отогчид хотыг эзэлж, хотоос утаа суунаглахыг Иошуа болон бүх Израиль хараад эргэн довтолж Аин эрчүүдийг хядав. Тэднийг сөрөн бусад израильчууд ч хотоос гарч ирсэн ба тэд тал бүрээсээ шахагдан бүслэгдэв. Израильчууд нэг ч хүн үлдээлгүй мөн хэнийг ч зугтаалгалгүйгээр тэднийг устгав. Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав. Израильчууд өөрсдийг нь мөшгөн хөөж байсан Аи хотынхныг цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад Аи уруу эргэн очиж, тэнд байсан бүхнийг илдний ирээр хядав. Тэр өдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүн арван хоёр мянга буюу Аин хүмүүс бүгд байлаа. Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуустлаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй. Иошуад ЭЗЭН тушаасны дагуу, израильчууд энэ хотын зөвхөн мал сүрэг ба олзыг л өөрсдөдөө авав. Иошуа, Аиг галдан шатааж, түүнийг ийнхүү үүрдийн балгас болгосон нь өнөөг хүртэл хэвээр байна. Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.